Монгол орны газар тариалангийн хөрсний элэгдэл, доройтол – шийдвэрлэх арга замууд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Герман-Монголын хамтын ажиллагааны „Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс хамтран 2016 оны 10-р сарын 17-18 өдрүүдэд “Монгол орны газар тариалангийн хөрсний элэгдэл, доройтол – шийдвэрлэх арга замууд” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөний гол зорилго нь газар тариалангийн салбарт мөрдөгдөж буй хууль эрхзүйн баримт бичиг, Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар оролцогчдод танилцуулах, тариалангийн талбайн хөрсний өнөөгийн төлөв байдал, үржил шим, тариалалтын технологийг боловсронгуй болгох, хөрс хамгаалах ажлыг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг бодитой тодорхойлох, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хамтран оновчтой боловсруулахад оршиж байна.

Тариалангийн салбарт ажиллаж байгаа хүн бүрийн эрхэм үүрэг нь баялагийг бүтээгч хөрс, түүний үржил шимийг хамгаалах үйл ажиллагаа байх ёстой. Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол улсад илүү тодоор мэдрэгдэж, хөрсний элэгдэл, доройтол нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байгаа энэ цаг үед салбарын мэргэжилтнүүд уулзалдаж хөрс элэгдэн доройтох явц, шалтгаан үр дагавар зэргээс сэргийлэх, нэгэнт доройтсон хөрсийг нөхөн сэргээх арга ажиллагааны талаар шинжлэх ухаанд суурилсан ямар дэвшилтэт технологи нэвтэрч байгаа талаар салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид харилцан туршлага солилцлоо.

Зөвлөлгөөнд ХХААХҮЯ, ХААИС-ийн Агроэкологийн сургууль, ШУА-ын Геоэкологи-Газар зүйн хүрээлэн, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүдээс гадна олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, тариалан эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Тус зөвлөгөөнд дотоодын судлаачид, эрдэмтдээс гадна Олон улсын цөмийн энергийн агентлагийн салбарын эрхлэгч хатагтай Др. Лий, ХБНГУ-ын Халле-Витенбергийн их сургуулийн судлаач Патрик Иллигер, Бүгд найрамдах Киргиз улсын Хөрс шинжлэлийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Др. Байбагешов нар оролцож, хөрсний элэгдэл эвдрэлийн асуудал бусад улс орнуудад хэрхэн асуудал болж байгаа, хөрсний элэгдэл доройтлоос хэрхэн урьдчилан сэргийлж байгаа талаар танилцууллаа. Зөвлөгөөнөөс гарсан үр дүнг ажлын хэсэг боловсруулан, нэгтгээд ХХААХҮЯ, салбарын бусад эрдэм шинжилгээний байгууллагуудад зөвлөмж хэлбэрээр хүргүүллээ

Text: Khatantuul Enkhbold

Zurück