Энэ сэдвээр үйл ажиллагаа

Үр сорт, үрийн аж ахуй

Versuchsfeld der IPAS, Sojabohnen

1990-ээд оны эхэн үеийн улс төр, нийгмийн өөрчлөн байгуулалт нь хөдөө аж ахуйн салбарт ч томоохон өөрчлөлтүүдийг авчирсан юм. Таримлын үр сортын бодлогыг барьж ажиллах, удирдан зохион байгуулах бүтэц тогтолцоо байхгүй болж, сорт сорилтын салбарын санхүүжилтийг бүрэн зогсоож, аж ахуйн тооцоонд шилжүүлсэн, сортын бодлогыг барих УССЗ-ийг орон тооны бус болгосон зэрэг шалтгаануудаас үүдэлтэйгээр Монгол улсын хэмжээнд үр сортын бодлого алдагдаж эхэлжээ. 1990 оныг хүртэл сорт сорилтын салбар нь Хөдөө аж ахуйн яамны харьяалалд, улсын төсвөөс санхүүжилт авч үйл ажиллагаа явуулж ирсэн бол 1990-ээд оны дунд үеэс эхлэн зарим хэсгийг ХААИС, Дархан-Уул аймгийн УГТХ-ийн мэдэлд шилжүүлж, зарим хэсгийг улсын нөөцийн салбартай нэгтгэжээ. Эцэст нь сорт сорилтын дөрвөн салбар татан буугдаагүй боловч үйл ажиллагаа нь бүрэн зогссон байдалтай байна. Сорт сорих, нутагшуулах ажлын ихэнх хэсгийг төсвийн байгууллагууд өөрийн нуруун дээр авч явж байгаа ч санхүүжилт хязгаарлагдмал хэвээр байна.

Төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих явцад олон арван улсын үйлдвэрийн газрууд, үр үйлдвэрлэгч аж ахуйнууд татан буугдаж, олон зуун салбарын мэргэжилтнүүд ажлын байргүй болжээ. Өнөөдрийг хүртэл үр сорт, сорт сорилтын салбар буцаад хөл дээрээ зогсож чадаагүй байна. Дотоодын үрийн үйлдвэрлэл тариаланчдын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа бөгөөд Атрын гуравдугаар аян нь (2008-2010) үрийн импортыг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болсон байдаг.

Weizenfläche

Улаан буудайн үрийн жилийн хэрэгцээ дунджаар 48.000 тонн байдаг бөгөөд тариаланчид 35.000 орчим тонн үрийг өмнөх жилийн ургацаасаа авч нөөцөлдөг байна. Тэгэхээр нийт үрийн 75 орчим хувийг дахин тариалсан үр эзэлж байна. Улсын нөөцийн салбар, Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас жил бүр дунджаар 8.000 тонн үрийг тариаланчдад олгодог бол үлдсэн 5.000-6.000 тонныг ОХУ-аас импортлон оруулж ирсээр байна.

 

ХХААХҮЯ болон салбарын мэргэжлийн байгууллагуудын өмнө тариалан эрхлэгчид, үр үржүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэл шаардлагад нийцсэн өрсөлдөх чадвар бүхий сорт сорилтын салбарыг хөл дээр нь босгох томоохон сорилт тулгараад байна.

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь үр сорт, үрийн аж ахуйн чиглэлээр Дарханы УГТХ болон Холбооны Сортын агентлагтай хамтран ажиллаж байна.

Төслийн үйл ажиллагааны чиглэл нь:

  • Сорт сорилт, үрийн аж ахуйн тогтолцооны загварыг боловсруулахад ХХААХҮЯ-нд дэмжлэг үзүүлэх;
  • Үр, сортын тухай хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох тал дээр зөвлөгөө өгч ажиллах;
  • Үр сортын салбарт мэргэжлийн байгууллагууд байгуулах чиглэлээр дэмжиж ажиллах;
  • Салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах;
  • Германы болон олон улсын үр сортын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, туршлага судлах ажлуудыг хөхиүлэн дэмжих.