шинэ мэдээлэл:
Германы газар тариалангийн ирээдүй – шинэлэг, үр ашигтай, тогтвортой байдал
Бид өөрсдийн өдөр тутмын хэрэглээ болсон хоол хүнс, мал, амьтны тэжээл, био эрчим хүчний гол түүхий эд болох таримал ургамлуудыг бүгдийг тариалангийн талбайдаа тарьж ургуулдаг билээ. Хэрэглэгчдийн зүгээс тэдгээр таримал ургамлуудын чанар, нэр төрөл, үйлдвэрлэлийн хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч, өндөр шаардлага тавьдаг болсон. Энэхүү хэрэгцээг хангахад газар тариаланг илүү үр ашигтай, өндөр бүтээмжтэй, тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Ирээдүйн газар тариалангийн чиг хандлага уламжлалт болон органик тариалалтын технологийн алийг ашиглаж байгаагаас үл хамааран “тогтвортой хөгжил”-д чиглэгдэж байна. Германы төрөөс ирээдүйн газар тариалангийн талаар баримтлах стратегийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх зураглал, арга замуудыг тодорхойлсон байна. Тус бодлогын баримт бичигт хүн амын хүнсний хэрэгцээг эрүүл, баталгаат хүнсээр хангах, тариалангийн талбайн хөрс, ус, агаар, биологийн төрөл зүйлийг хамгаалах зэрэг тогтвортой хөгжлийн зарчмуудыг тусгажээ. Эдгээр нь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго“-той нийцэж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн талбай хэмжээг багасгаж нийтийн зориулалтаар ашиглах тохиолдолд орон нутгийн иргэдийн амьдрах нөхцлийг хуучнаас нь бууруулахгүй байх зарчмыг агуулсан болно. Энэхүү стратегийг хэрэгжүүлэхэд хөдөө аж ахуйн салбарын зүгээс ихээхэн хүчин чармайлт шаардагдах нь дамжиггүй. Үүний зэрэгцээ төр, олон нийтийн зүгээс дэмжих, туршилт судалгааны ажлууд болон зөвлөх үйлчилгээг эрчимжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн шинжлэх ухааны ололт амжилтад суурилсан практик амьдралд хэрэгжүүлж болохуйц шийдлүүдийг эрэлхийлэх болно. Энэхүү стратеги нь 8 зорилго, 18 зорилт дэвшүүлсэн бөгөөд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг тогтвортой хөгжлийн чиг баримжаатай хөгжихөд эдийн засгийн үр ашигтай байх, нөөцийг тогтвортой ашиглах болон нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх гэсэн асуудлуудыг ижил түвшинд авч үзжээ.
Ийнхүү газар тариалангийн хөгжлийн стратегийн зорилтуудад дээрх асуудлуудыг тодорхой тусгаж, хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааг нарийн тодорхойлсноор тус салбарын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжлийн чиг баримжаатай хөгжүүлэх боломж төдий хэмжээгээр нэмэгдэх юм.
Газар тариалангийн хөгжлийн стратегийн 8 зорилгод:
- Хүн амыг эрүүл, чанартай хүнсээр, мал, амьтныг найдвартай тэжээлээр, эрчим хүчийг нөхөн сэргээгдэх түүхий эдээр хангах;
- Таримлын сэлгээ, сортын сонголтыг тариалалтын технологидоо зөв тооцож ашигласнаар ургамал хамгааллын бодисын хэрэглээг багасгах, түүнийг ашиглах үеийн эрсдлийг бууруулах;
- Тариалангийн талбайн хөрсний үржил шим, бүтцийг хамгаалж сайжруулах;
- Таримал ургамлыг шаардлагатай шим тэжээлт бодисоор хангах, бордооны үр ашгийг дээшлүүлэх;
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, био эрчим хүчийг ашиглах замаар хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах, түүнд шаардагдах нөхөн сэргээгдэх түүхий эдийг тариалах;
- Газар тариалан, ойн аж ахуйд ашиглаж буй биологийн төрөл зүйлийг хамгаалах, дэмжих;
- Тариалангийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн эрсдлүүдээс хамгаалах;
- Хөдөөгийн хөгжлийг дэмжихэд өөрийн хувь нэмрийг оруулах зэрэг багтсан болно.
Quelle: https://www.bauernverband.de/landwirtschaftliche-verbaende-legen-zukunftsstrategie-ackerbau-vor