Төслийн үндэслэл

Тариан талбай

Сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбарын үзүүлэх нөлөө тогтмол өсч байгаа боловч тус улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь олон мянган жилийн түүхтэй, уламжлалт салбар бөгөөд байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан нүүдлийн мал аж ахуй зонхилж байна. Энэхүү салбарт 2015 оны байдлаар нийт хөдөлмөр эрхлэгчдийн 38 орчим хувь ажиллаж, ДНБ-ий 13,7 хувийг үйлдвэрлэж байна.

Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 115 сая га талбайг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг бөгөөд үүний 112,3 сая га талбайг бэлчээрийн зориулалтаар ашиглаж байна. Газар тариалангийн зориулалтаар ашиглаж буй нийт эргэлтийн талбай 844.000 га бөгөөд 2015 онд нийт 525.000 га-д тариалалт хийснээс 74 хувийг улаанбуудайн тариалалт эзэлж байна. Түүнчлэн 335.700 га талбайд уринш боловсруулалт хийсэн байна.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд нэгж талбайгаас авах ургацын хэмжээ тогтмол нэмэгдэх хандлагатай байгаа боловч Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохиромжгүй хөрс боловсруулах технологи ашиглах, нэг төрлийн таримлыг жил дараалан тариалах,хөрсийг шимт тэжээлийн бодисоор бордохгүй байх гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан хөрс элэгдэж, эвдрэн, үржил шим нь жил ирэх тусам багассаар байна. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үр, бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, эрэлт хэрэгцээ тогтмол өсч байгаа хэдий ч төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс энэхүү хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд тариаланчид, аж ахуйн нэгжүүд техникийн парк шинэчлэлдээ ихээхэн анхаарч байна. Цаашид энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах, санхүүгийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.

УИХ-аас 2016 оны 1 сард баталсан Тариалангийн тухай хууль болон Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар 2016-2025 оны хооронд баримтлах бодлогын баримт бичиг нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын ирээдүйн хөгжлийн эрхзүйн орчныг баталгаажуулжээ. Эдгээр баримт бичигт нэн тэргүүнд экологийн хувьд тогтвортой, эдийн засгийн үр ашигтай тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах мөн экспортыг нэмэгдүүлэх зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлжээ.