Энэ сэдвээр үйл ажиллагаа

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт томоохон сорилтыг бий болгож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр жилийн дундаж агаарын температур нэмэгдэж, хур тунадас орох хэмжээ, тархалтад өөрчлөлт орж, байгалийн давагдашгүй болон онц ноцтой үзэгдлийн давтамж ойртож байгаа зэрэг нь хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалангийн салбарт хүндээр тусч байна. Байгал цаг уурын энэхүү өөрчлөлтийн явцад шинэ төрлийн хортон шавьж, таримлын өвчин, халдвар нэмэгдэж байгаа нь тухайн салбарын хувьд ихээхэн эрсдэлийг дагуулах боллоо.

Монгол улсын Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг багасгах, бууруулах чиглэлээр үндэсний стратеги боловсруулан ажиллаж байгаа байна. Тухайлбал, 2020 онд батлагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт “Хөдөө аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, өндөр бүтээмжтэй, тогтвортой, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ” гэсэн зорилгыг дэвшүүлсэн хэдий ч Монгол орны нөхцөлд таарсан уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицсон технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл тариаланчдын дунд  дутмаг хэвээр байна. Иймд Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь мэдлэг дамжуулах, харилцан туршлага солилцох замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариалангийн үйлдвэрлэлийг Монгол оронд хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Төсөл нь энэ чиглэлээр салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, зөвлөхүүдийг мэдлэгжүүлэх, чадавхжуулахад анхааран ажиллах бөгөөд бодит үр дүнг үзүүлэх судалгаа, шинжилгээний ажлууд, бодлогыг зөвлөмжүүд, сургалтын материал, гарын авлагуудыг боловсруулан зорилтот бүлгийнхэнд хүргэн ажиллана.

Weizenfläche

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс 2019 онд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэл” дэд төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Төслийн 4-р үе шат нь дээр дурьдсан асуудлуудыг шийдэхэд чиглэгдэх бөгөөд Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэл дэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг үнэлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариалангийн технологийг нутагшуулахад түлхүү анхаарч ажиллана.