"Таримал ургамлын үр үржүүлгийн талбайн хянан баталгаа” сэдэвт сургалт зохион байгууллаа

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол Улсын хувьд таримал ургамлын ургалтын хугацаа богино, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, хэт халалт, эрт цочир хүйтрэлт зэргийн давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаагаас газар тариаланг үр ашигтай эрхлэхэд хүндрэл учирдаг. Монгол улс 2018 оны хавар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал 36.6 мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386 га-д тус тус тариалсан байна. Тариалалтад нийт 60 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарснаас 50.8 мянган тонн үрийг дотоодоосоо бүрдүүлсэн.

Дутагдах үрийн нөөцийг нэмж бүрдүүлэхээр төсвийн болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр 5.9 мянган мянган тонн элит, 2.1 мянган тонн сортын үр, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 2.0 мянган тонн үр, нийт 10 мянган тонн үрийн буудайг импортоор  нийлүүлж, үрийн нөөцийг 100 хувь бүрдүүлсэн мэдээ байна. Нутагшаагүй сортын үрээр тариалалт хийх нь дутагдалтай байгаа үрийн хэрэгцээг хангах түр зуурын шийдэл тул энэ нь зарим тохиолдолд ургац алдах эрсдлийг дагуулдаг.Тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг боловч хамгийн чухал нь тухайн бүс нутагт тохирсон, байгаль, цаг уурын аливаа эрсдлийг даах чадвартай сортын чанартай үрээр тариалалт хийх явдал юм.

Ган, хэт халалт, өвчин, хортонд тэсвэртэй сортын чанартай үр нь ургацыг 25-50 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтойг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг. Иймээс үрийн тариаланг хөгжүүлэх, нутагшсан сортын чанартай үрийг үржүүлэх, үржүүлгийн талбайд хянан баталгаа хийх ажил аймгийн агрономчид, мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын ажил үүргийн нэг чухал хэсэг билээ. ХХААХҮЯ, УГТХ, “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран тариалан бүхий аймгуудын ХХААГ-ын ерөнхий агрономчид, тэдгээр аймгуудын МХГ-уудын улсын байцаагчдад зориулсан “Таримал ургамлын үр үржүүлгийн талбайн хянан баталгаа” сэдэвт сургалтыг Дархан-Уул аймагт 2018 оны 07 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтын багшаар ХБНГУ-ын Нийдерзахсен мужийн Хөдөө аж ахуйн танхимын Үр тариа, төмсний үрийн хянан баталгааны албаны дарга В.Тийл уригдан ажилласан бөгөөд Европын холбоо, Герман улсын үр үржүүлгийн талбайд баримтлах хууль, дүрэм журам, стандарт, технологийн шаардлагын талаар онолын мэдлэгийг дэлгэрэнгүй өгч, талбайд дадлага ажлаар баталгаажуулсан болно. Сургалтад оролцогчид 8 дугаар сард тус тусын аймгийн үрийн тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн талбайд хянан баталгаа хийхэд хэрэгтэй мэдлэг, мэдээллийг авсан, цаг хугацааны хувьд нэн тохиромжтой байсан хийгээд гарын авлага, тараах материал хангалттай сайн бэлтгэсэн сургалт болсныг дурдаж, сургалтын агуулгад өндөр ач холбогдол өгч, энэ чиглэлийн сургалтыг тогтмолжуулах хэрэгтэйг хэлж байлаа.

Go back