"Тогтвортой хөдөө аж ахуй" семинар Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа

Дорнод аймаг Чойбалсан хот

Тогтвортой Хөдөө аж ахуй төслийн санаачилга Хүнс, хөдөө аж ахуйн яам, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр 3 сарын 09, 10-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод “Тогтвортой хөдөө аж ахуй” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа. Тус семинарт ХХААЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газар, Аймгийн ЗДТГ, сумдын Мал эмнэлэг, үржлийн тасаг, сумдын агрономи, орон нутгийн газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд, нийт 60 гаруй хүмүүс хамрагдсан.

Семинарын эхний хэсэгт Улсын их хурлаар шинэчлэн батлагдсан хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах төрийн бодлого, эрх зүйн талаар танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, төрийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны төсөл, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал авах ажлууд багтсан бол семинарын дараагийн хэсэгт газар тариалангийн үйлдвэрлэл дэх хөрс хамгаалал, таримлын сэлгээнд тэжээлийн таримал тариалах технологи, махны үүлдрийн үхрийн аж ахуйн технологи сэдвүүд багтсан юм.

Сургалтын агуулгад багтсан хөрс хамгаалах, малын тэжээлийн таримал тариалах, махны үүлдрийн мал үржүүлэх зэрэг нь төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагаатай нийцэж байгаа бөгөөд орчин үеийн, дэвшилтэт технологийн талаарх мэдээ мэдээллийг хүргэж чадсан болох нь оролцогчдын идэвх оролцооноос харагдаж байлаа.

Семинарын төгсгөлд авсан мэдээллээ мэдлэг болгон эзэмших зорилгоор оролцогчид маань 3 хэсэгт хуваагдаж, үхрийн загвар аж ахуй байгуулах дасгал ажиллаж, тэжээлийн таримал тариалах, үхэр бордоход гарах зардал, эдийн засгийн үр ашгийг нарийн тооцсон нь цаашид аж ахуйдаа тусгах чухал гарын авлага боллоо.

Оролцогчид семинарын үр дүнг өндрөөр үнэлсэн бөгөөд төсөлтэй хамтран мэргэжлийн тодорхой сэдвээр тариалалтын үед талбайн сургалт зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж байлаа.

Go back