Төслийн удирдах хорооны хурал амжилттай зохион байгуулагдлаа

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн хоёрдугаар үе шат 2016 оны 4 сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд төслийн Удирдах хорооны анхдугаар хурлыг өнгөрсөн оны 11-р сард Берлин хотноо зохион байгуулсан билээ. Өнгөрөгч есдүгээр сарын 19-ны өдөр төслийн 2-дахь удаагийн Удирдах хорооны хурал ХХААХҮЯ-н дээр яамны Төрийн нарийн бичгийн дарга Л. Баяртулгаар удирдуулан зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралд Германы талаас Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам (ХХХААЯ), ГФА Консалтинг групп, төсөл хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ийн төлөөлөгчид, Монголын талаас ХХААХҮЯ, ХААИС, УГТХ мөн Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийн төлөөлөгчид оролцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Л. Баяртулга монголын талын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэн, удирдах хорооны хурлыг албан ёсоор нээсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ үр сорт, үрийн аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь эрсдлийн менежмент, тогтвортой хөрс ашиглалт гэсэн сэдвийн хүрээнд ажиллаж буй төслийн ач холбогдлыг цохон тэмдэглэж яамны зүгээс төслийн ажлыг цаашид ч мөн дэмжин, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. ХХХААЯ-ны төлөөлөгч ноён Хукерт оролцогсдод мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд төслийн өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтуудаас дурьдлаа.

Тогтвортой хөдөө аж ахуй төслийн удирдагч ноён Др. Катер төслийн хоёрдугаар үе шат эхэлсэнээс хойш буюу 2016 оны 4 сараас 2017 оны 8 сарын хооронд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцууллаа. Илтгэлийнхээ хоёрдугаар хэсэгт тэрээр 2018 он дуустал хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулсан болно. Үүний дараагаар хурлын модератор хатагтай Др. Мюллер хэлэлцүүлгийг нээв. Хэлэлцүүлгийн үеэр Дархан-Уул аймгийн УГТХ-ийн дэд захирал Проф. Др. Баатарцол хэлсэн үгэндээ Хүрээлэн өнгөрсөн хугацаанд төсөлтэй нягт хамтран ажиллаж байгааг цохон дурьдаад, 1986 оноос хойш сорт сорилтын салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй бөгөөд төслийн хүрээнд Холбооны сортын агентлагаас сорт сорилтын салбарт нийлүүлсэн техник тоног төхөөрөмж нь салбарын цаашдын хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болсон гэдгийг онцоллоо. Эдгээр тоног төхөөрөмж нь УГТХ дээр талбайн туршилт, судалгаа, сорт сорилтын чиглэлээр ашиглагдах ба Хүрээлэнгийн тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлийн хүрээнд хийж буй судалгаа шинжилгээний ажлуудад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа хэллээ.

ХХААХҮЯ-ны зүгээс төсөлтэй хамтын ажиллагаагаа цаашид ч мөн үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, Монгол улсын Засгийн газрын хөтөлбөр, хөдөө аж ахуйн салбарт боловсруулах хууль тогтоомжийн үндсэн чиглэлүүдтэй төслийн үйл ажиллагааны  чиглэлүүд нягт уялдаж байгааг сайшаалаа.  Таримал ургамлын үрийн тухай хууль, Тариалангийн даатгалын тухай хууль зэрэг хууль тогтоомжуудыг энд онцолж байгаа бөгөөд Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь дээрхи хуулиудыг боловсруулах ажлын хэсэгт багтан ажилладаг юм.

2018 оны 6 сард төслийн мониторинг хийх талаар ХХХААЯ-ны төлөөлөгч ноён Хукерт тайлбарлав. Энэ удаагийн хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Л. Баяртулга, ХХХААЯ-ны төлөөлөгч Хукерт нар хааж үг хэлээд талуудын цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүслээ.

Go back