ХБНГУ-д сорт, сорилт үр үржүүлгийн чиглэлээр танилцах аялал зохион байгууллаа

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн хоёрдугаар үе шатны нэг үндсэн чиглэл нь улаанбуудайн үр, сортын эрхзүйн орчинг боловсронгуй болгоход бодлогын зөвлөгөө өгөх бөгөөд энэ хүрээнд өнгөрсөн 2016 оны 05-р сарын 28-аас 06-р сарын 04-ний өдрүүдэд ХБНГУ-д зочилж, Холбооны сортын агентлаг, тус агентлагийн харьяа Шарнхостын сорт сорилтын салбар, үр тариа, гоёл чимэглэлийн таримал, хүнсний ногооны үр үржүүлгийн хувийн аж ахуйн нэгжүүд болон судалгаа, шинжилгээний төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Манай аяллын бүрэлдэхүүнд ХХААХҮЯ болон УГТХ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид оролцсон бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжиж буй орчин үеийн сорт сорилт, үр үржүүлгийн ажилтай газар дээр үзэж, өөрийн оронд авч ашиглах, ажил хэрэг болгох шинэлэг санаа, чухал туршлагуудтай танилцлаа. Тус улсын сорт сорилтын салбар 150 гаруй жилийн түүхтэй бөгөөд Холбооны сортын агентлаг өөрийн бүтцийн 7 сорт сорилтын салбаруудаараа жилд 1200 гаруй сортыг сорьдог байна. Түүнчлэн Европын холбооны улсуудын сорт сорилтын төвүүдтэй хамтын ажиллагаатай ажилладаг байна.

Төлөөлөгчид Холбооны сортын агентлагтай цаашид нягт хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд сортын агентлагын Ерөнхийлөгч Удо фон Крёхерийг Монгол улсад айлчлахыг урилаа. Ерөнхийлөгч урилгыг баяртайгаар хүлээн авч, Монгол улсын газар тариалангийн салбарт бага ч болов хувь нэмэр оруулах боломж бүрдсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Аяллын үр дүнд сорт сорилтын салбар, үр үржүүлгийн чиглэлээр нарийн мэргэжлийн мэргэжилтэн урьж ажиллуулах, богино, дунд хугацааны мэргэжилтэн солилцох зэрэг олон ажлуудыг хамтарч хийх бололцоо байгаа талаар санал солилцож, хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Аяллын хөтөлбөрт багтсан нэг үйл ажиллагаа бол төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд зохион байгуулсан ДОЙЛА Нийнбург хотын ХАА-н мэргэжлийн сургалтын төвтэй хамтран хэрэгжүүлж буй “ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН” хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудтай уулзсан уулзалт байлаа. Тэдгээр оюутнууд германы хөдөө аж ахуйн фермийн практик үйл ажиллагааны талаар их зүйл мэдэж авч байгаадаа сэтгэл өндөр байлаа.
Аяллын төгсгөлд төлөөлөгчдийг ХХХААЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Херман Хукерт хүлээн авч уулзлаа. Тэрээр ТХАА төслийг хэрэгжүүлэх талаар анхны яриа хэлэлцээ хийгдэж байсныг дурсаж, ХХХААЯ-ны талаар танилцуулж, төлөөлөгчидтэй Монгол орны газар тариалангийн тухай болон танилцах аяллаар үзэж, танилцсан зүйлсийн талаар ярилцаж, санал солилцож, харилцан ажлын амжилт ерөөв.

Text: Gombojav Tsermed

Go back