Хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, хоршоологчдын чиглэлээр зөвлөх мэргэжилтэн ажиллаа

Монгол Улсын ҮХААЯ нь 2013 оноос “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, махны дагнасан болон төрөлжсөн бөөний болон жижиглэнгийн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх” чиглэлээр ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тухайлбал төмс, хүнсний ногоо тариалдаг 63.000 орчим иргэд, аж ахуйн нэгжийг бүртгэлжүүлж, “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах, төрөлжсөн бөөний болон жижиглэн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх” төслийг эхлүүлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд тариаланчид, зоорь, агуулах, бөөний болон жижиглэн худалдааны төвүүд цаашид яаж харилцан ашигтай хамтран ажиллаж болох вэ, хэрэглэгчдийг хямд үнэтэй, чанартай төмс хүнсний ногоогоор хэрхэн хангах вэ, ингэхэд төрийн оролцоо ямар байх вэ, хууль эрхзүйн орчин ямар байх вэ зэрэг асуудлууд өнөөдөр бидний өмнө тулгамдаад байгаа билээ.

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь Монгол Улсын ҮХААЯ-нд газар тариалангийн тодорхой сэдвүүдээр бодлогын зөвлөгөө өгөх ажлынхаа хүрээнд энэ оны 10-р сарын 28-31 хооронд ХБНГУ-аас зоорь, агуулах, хоршоологчдын холбооны чиглэлээр мэргэшсэн ноён Клаус Шмиц-ыг Монгол Улсад зөвлөх мэргэжилтэнээр урьж ажилууллаа. Ноён Шмиц нь дээрх салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай, ингэхдээ Германы хамгийн том хоршоологчдын холбоо болох “Германы Райффайзен” холбоо болон бусад мэргэжлийн байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байсан арвин туршлагатай хүн юм.

Монгол Улсад ажиллах хугацаандаа ноён Шмиц нь ҮХААЯ-нд бодлогын зөвлөгөө өгч мөн Улаанбаатар хот орчмын хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн зоорь, агуулах, худалдааны төвүүд, хоршоологчдын холбоодын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Төв аймгийн Засаг дарга болон төвийн бүсийн төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалж, харилцан санал бодлоо солилцлоо.

2014 оны 10-р сарын 31-ны өдөр ҮХААЯ дээр хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах, төрөлжсөн бөөний болон жижиглэнгийн худалдааны төвүүдийн төлөөлөгчид мөн төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид, ҮХААЯ-ын ГТБХЗГ-ын холбогдох мэргэжилтнүүдтэй гурван талт уулзалт зохион байгуулж цаашид хэрхэн харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр энэ салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулах, шудрага өрсөлдөөн бий болгох зэрэг чиглэлээр цаашид  их зүйл хийх ёстой гэдэг дээр талууд санал нэгдэж, энэхүү уулзалтаар дараа дараагийн олон ажлуудын суурь тавигдлаа.

Go back