Холбооны сортын агентлагаас зөвлөх мэргэжилтэн ирж ажиллаа

1990-ээд оны эхэн үеийн улс төр, нийгмийн өөрчлөн байгуулалт нь хөдөө аж ахуйн салбарт ч томоохон өөрчлөлтүүдийг авчирсан юм. Таримлын үр сортын бодлогыг барьж ажиллах, удирдан зохион байгуулах бүтэц тогтолцоо байхгүй болж, сорт сорилтын салбарын санхүүжилтийг бүрэн зогсоож, аж ахуйн тооцоонд шилжүүлсэн, сортын бодлогыг барих Улсын сорт сорилтын зөвлөлийг  орон тооны бус болгосон зэрэг шалтгаануудаас үүдэлтэйгээр Монгол улсын хэмжээнд үр сортын бодлого алдагдаж эхэлжээ. 90-ээд оны дунд үеэс эхлэн олон арван улсын үйлдвэрийн газрууд, үр үйлдвэрлэгч аж ахуйнууд татан буугдаж, олон зуун салбарын мэргэжилтнүүд ажлын байргүй болжээ. Өнөөдрийг хүртэл үр сорт, сорт сорилтын салбар буцаад хөл дээрээ зогсож чадаагүй байна.

ХХААХҮЯ болон салбарын мэргэжлийн байгууллагуудын өмнө тариалан эрхлэгчид, үр үржүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэл шаардлагад нийцсэн өрсөлдөх чадвар бүхий сорт сорилтын салбарыг хөл дээр нь босгох томоохон сорилт тулгараад байна.
Тиймээс төслийн хоёрдугаар үе шатанд сорт сорилтын салбарыг дэмжих ажлыг үйл ажиллагааныхаа үндсэн нэг чиглэл болгосон билээ. Бид 2016 оны 6 сард ХБНГУ-д танилцах аялал зохион байгуулж, Герман улсын сорт сорилт, үр үржүүлгийн салбартай танилцсан бөгөөд аялалын хүрээнд Холбооны сортын агентлагтай уулзалт хийж, хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Энэ удаад Холбооны сортын агентлагийн газрын дарга Др. Фройденштайн 2016 оны 8 сарын 01-04-ны хооронд Монгол улсад ирж ажиллаа. Тэрээр ажиллах хугацаандаа ХХААХҮЯ, Дарханы УГТХ зэрэг байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзалдан, сорт сорилтын станцуудын үйл ажиллагаатай газар дээрээс нь танилцлаа.

2016 оны 8 сарын 05-ны өдөр Дарханы УГТХ дээр “Сорт сорилтын станцуудын удирдлага, зохион байгуулалт, чиг үүрэг” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулж, сорт сорилтын салбарын 25 орчим мэргэжилтнүүдийг хамрууллаа. Дээрхи уулзалтуудын үр дүнд Холбооны сортын агентлагтай дараахь чиглэлүүдээр хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ, үүнд:

  • Үр, сортын тухай хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох тал дээр зөвлөгөө өгч ажиллах;
  • Сортын баталгаажуулалт хийдэг хараат бус төрийн байгууллага  байгуулах чиглэлээр  дэмжиж ажиллах;
  • Сорт сорилтын жишиг станц байгуулах тал дээр зөвлөгөө өгч ажиллах;
  • Үр сорт, үрийн аж ахуйн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийг чадавхжуулах.
  • Text: Khatantuul Enkhbold

Go back