Хэвлэн нийтлэл

"Бодлогын тойм"

"Бодлогын тойм"

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгынхоо хүрээнд түнш байгууллагуудын хэрэгцээнд тулгуурлан хөдөө аж ахуйн холбогдох сэдвүүдээр зөвлөх үйлчилгээ, сургалтууд зохион байгуулж, судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэдэг билээ. Энэ удаад бид Та бүхэнд төслийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болох үр сорт, тариалангийн даатгалын сэдвээр “Бодлогын тойм”-ыг боловсруулан хүргүүлж байна. Энэхүү “Бодлогын тойм” –ыг хөдөө аж ахуйн салбарын бодлого тодорхойлогчид, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд, хандивлагч байгууллагууд болон салбарын төрийн бус байгууллагуудад зориулан боловсруулсан болно.

Монгол орны үр тарианы таримлын уламжлалт болон сайжруулсан сэлгээ бүхий тариалалтын технологи

"Монгол орны үр тарианы таримлын уламжлалт болон сайжруулсан сэлгээ бүхий тариалалтын технологи"

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь газар тариалангийн зориулалтаар ашиглаж буй талбайн хөрс хамгаалал, тогтвортой ашиглалт юм. Төслийн зүгээс өнгөрсөн хугацаанд тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан хөрс боловсруулах дэвшилтэт технологи, таримлын сэлгээ, бордоо болон УХБ-ын зүй зохистой хэрэглээ зэрэг сэдвүүдээр практикт суурилсан сургалт семинарууд зохион байгуулж, тариаланчдын хандлагын өөрчлөх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Бид энэ удаад ХААИС-тай хамтран “Монгол орны үр тарианы таримлын уламжлалт болон сайжруулсан сэлгээ бүхий тариалалтын технологи” сэдэвт судалгааг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаагаар тариалангийн аж ахуйн нэгжүүд ногоон бордуурт уринш, тэжээлийн таримал, ялангуяа буурцагт ургамлыг сэлгээнд тариалснаар хөрсний үржил шимээ сайжруулаад зогсохгүй, үйлдвэрлэлийн цар хүрээгээ тэлэх боломжтойг харуулахыг зорьсон билээ.

Малын тэжээлийн зах зээлийн судалгаа

"Малын тэжээлийн зах зээлийн судалгаа"

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох бодлогын зорилтуудыг шийдвэрлэхэд малын тэжээлийн хангамжийг сайжруулах асуудал чухал байр суурь эзэлдэг бөгөөд дотоодын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын тэжээллэгийг сайжруулах зорилтууд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” (2015-2025), “Монгол мал” хөтөлбөр (2010-2021) зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан байдаг байна. Уг зорилтуудын дагуу дотоодын тэжээл үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээ МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан зэргийг үндэслэж Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь Монгол улсад тогтвортой ХАА-н үйлдвэрлэлийг дэмжихэд бодлогын зөвлөгөө өгөх чиг үүргийнхээ хүрээнд энэхүү “Малын тэжээлийн зах зээлийн судалгаа”-г хийж гүйцэтгээд байна. Тус судалгааны зорилго нь тэжээлийн зах зээлийн оролцогч талуудад зах зээлийн өнөөгийн байдал, боломж, чиг хандлагын талаар бодит мэдээлэл өгөх, бодлогын орчныг сайжруулахад чиглэгдсэн болно.

"Монгол улс дахь бордоо, ургамал хамгааллын бодисын нийлүүлэлт, түүний үнэлгээ - зах зээлийн судалгаа"

"Монгол улс дахь бордоо, ургамал хамгааллын бодисын нийлүүлэлт, түүний үнэлгээ - зах зээлийн судалгаа"

Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлийн бордоо, ургамал хамгааллын бодисын зах зээлийн санал болгож буй үнэ, нийлүүлэлт, тариаланчдын хэрэглээ, хэрэгцээний талаар бодит мэдээлэл бүрдүүлэх мөн тариаланчдад бордоо, ургамал хамгааллын бодис хэрэглэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс “Монгол орны газар тариалангийн салбар дахь бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, нийлүүлэлт” сэдэвт зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны эхний хэсэгт бордоо, УХБ-ын хэрэглэгч буюу тариалан эрхлэгч ААН, иргэдийн төлөөллөөс санал асуулга авсан бол хоёрдахь хэсэгт импортлогч, борлуулагч, үйлдвэрлэгч болон төрийн байгууллагуудын төлөөллөөс санал асуулга зохион байгууллаа.

Судалгааг бүрэн эхээр нь хавсралтаас уншина уу

“Монгол улсын тариалангийн салбарын өнөөгийн байдал”

“Монгол улсын тариалангийн салбарын өнөөгийн байдал”

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хоёрдугаар үе шатны (2016-2018) үндсэн зорилго нь хөдөө аж ахуйн мэргэжлийн болон бодлогын сэдвүүдээр Монголын талд зөвлөгөө өгөх, судалгаа мэдээллээр хангах, тогтвортой хөдөө аж ахуйг хөхиүлэн дэмжих мөн Германы туршлагад тулгуурлан хөдөө аж ахуйн бодлого, шинжлэх ухаан, эдийн засгийн түвшинд мэдлэг дамжуулах замаар Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байна. Төслийн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь талуудыг мэргэжлийн чухал мэдээ мэдээлэл, судалгаагаар хангах явдал юм. Энэ ажлын хүрээнд бид “Монгол улсын тариалангийн салбарын өнөөгийн байдал”-ын талаарх суурь судалгааг танилцуулж байна. Энэхүү суурь судалгааг төслийн хамрах үндсэн сэдвүүдийн хүрээнд өнөөгийн нөхцөл байдал, сорилт, бэрхшээлүүд, бодлогын төвшинд дэвшүүлсэн зорилтууд, тэдгээрийн биелэлтэд дүн шинжилгээ хийж, бодлогын ба мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох зорилгоор гүйцэтгэсэн болно.

Суурь судалгаа зөвхөн герман хэл дээр хийгдсэн болно

Төмс, үр тарианы талбайн хянан баталгааны гарын авлага

"Төмс, үр тарианы талбайн хянан баталгааны гарын авлага"

Тогтвортой хөдөө аж ахуй төслийн үндсэн нэг чиглэл болох үр сортын салбарыг сэргээн босгох, дэмжих ажлын хүрээнд салбарын боловсон хүчнийг чадавхжуулах ажлыг төслийн зүгээс тогтмол, системтэйгээр зохион байгуулж ирсэн билээ. 2017 оны 07 сард зохион байгуулагдсан Төмсний болон үр тарианы талбайн хянан баталгаа сэдэвт сургалтын хоёрдугаар шатыг энэ жилийн 07 сард сургагч багш бэлдэх зорилгоор зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү сургалтад зориулж “Төмсний үр үржүүлгийн талбайд хянан баталгаа хийх”, “Үр тариан талбайд хянан баталгаа хийх” гэсэн хоёр хэсэгтэй гарын авлагыг төслийн зүгээс боловсруулаад байна.

 

Гарын авлагыг эндээс бүрэн эхээр нь татаж авна уу

“Чанартай үрээс арвин ургац” нэвтрүүлэг

“Чанартай үрээс арвин ургац” нэвтрүүлэг

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжиж буй Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь Монгол орны таримал ургамлын сорт, үрийн аж ахуйн тогтолцоог сэргээн хөгжүүлэхэд бодлого, эрхзүй, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, салбарын эрдэмтэн судлаачид, агрономчид, орон нутгийн газар тариалангийн мэргэжилтнүүдэд холбогдох сэдвээр сургалт, семинар зохион байгуулахад чиглэгдэн амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ, УГТХ, Элит-Үр ХХК, Дельта Холдинг ХХК болон Германы хөдөө аж ахуйн зөвлөхүүдтэй хамтран Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлд таримал ургамлын үрийн аж ахуй ямар чухал ач холбогдолтой талаар өмнө хийсэн туршлагуудыг шинэ мэдээ, мэдлэгээр баяжуулан “Чанартай үрээс арвин ургац” нэвтрүүлгийг бэлдэн Та бүхэнд хүргэж байна.

Мэдлэг, Инновац, Баялаг - Тогтвортой хөрс ашиглалт

„Мэдлэг,Инновац, Баялаг - Тогтвортой хөрс ашиглалт“

Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Монгол улсад илүү тодоор мэдрэгдэж, хөрсний элэгдэл, доройтол нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Тиймээс Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой ХАА” төслийн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь хөрсний үржил шимийг хамгаалах сэдвээр системчилсэн үйл ажиллагаанууд, практикт суурилсан сургалт семинар зохион байгуулж салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, энэ сэдвээр тариаланчдын хандлагын өөрчлөх явдал юм. Бид энэ удаад ХААИС-ийн Инновац, бизнес хөгжлийн төвтэй хамтран "Мэдлэг, Инновац, Баялаг - Тогтвортой хөрс ашиглалт" сэдэвт нэвтрүүлгийг бэлтгэн тариалан эрхлэгчид, салбарын мэргэжилтнүүддээ хүргэж байна.

"Хөрсний элэгдэл, эвдрэл, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд - гарын авлага"

"Хөрсний элэгдэл, эвдрэл, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд - гарын авлага"

Хөрс нь газар тариалангийн үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл юм. ХАА-н таримлын ургац нь ургамлыг чийг, шим тэжээлийн бодисоор хангаж байдаг хөрсний үржил шимээс хамаарна. Монгол орны бэлчээр тариалангийн талбайн хөрсний доройтлын талаар нэлээд олон судалгаа хийгдсэн байдаг. “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2016-2030”, “Төрөөс хүнс, ХАА-н талаар баримтлах 2016-2025”, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль (2016), Тариалангийн тухай хууль (2016) зэрэг бичиг баримтуудад хөрс хамгааллын тухай асуудлыг тусгасан байна. Хөрс нь хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд болон уур амьсгалын өөрчлөлт, ургамлан бүрхэвчийг өөрчлөх, тухайн орон нутагт тохиромжгүй хөрс боловсруулалтын арга хэрэглэсэн зэрэг хүний хүчин зүйлийн нөлөөгөөр доройтолд ордог. Энэхүү гарын авлага нь тариаланчид, газар тариалангийн зөвлөхүүдэд зориулагдсан бөгөөд Монгол орны хөрсний доройтлын байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд, хөрс хамгаалах технологийн тухай дэлгэрэнгүй өгүүлэх бөгөөд, манай судлаачдын судалгааны үр дүнгүүд товч дурдагдсан байгаа болно.

Хөрсний үржил шим, бордоо, бордох технологийн гарын авлага

"Хөрсний үржил шим, бордоо, бордох технологийн гарын авлага"

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь газар тариалангийн зориулалтаар ашиглаж буй талбайн хөрс хамгаалал, тогтвортой ашиглалт юм. Төслөөс энэ чиглэлээр олон удаагийн сургалтууд зохион байгуулж байсан бөгөөд тэдгээр сургалтуудын материалууд болон холбогдох судалгаа, шинжилгээний дүнг шинэ мэдээ мэдээллээр баяжуулан “Хөрсний үржил шим, бордоо, бордох технологийн гарын авлага”-ыг боловсрууллаа. Уг гарын авлага тариаланчдад ашиглаж буй талбайнхаа хөрсний үржил шим, шинж чанар, шим тэжээлийн бодисын хангамжийг тодорхойлох, хөрсний дээжийг шинжилгээнд хэрхэн бэлтгэж өгөх, шинжилгээний дүнг ашиглан бордох тун нормыг хэрхэн тооцох зэрэг практик зөвлөмжийг энгийн байдлаар тайлбарласан нь үр дүнтэй болжээ.

Монгол орны газар тариалангийн хөрс хамгааллын асуудал

"Монгол орны газар тариалангийн хөрс хамгааллын асуудал"

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хоёрдугаар үе шатанд бид ХХААХҮЯ, бусад түнш байгууллагуудаа Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохиромжтой хөрс боловсруулах арга технологи, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх чиглэлээр мөн хөрсийг элэгдэл эвдрэлээс урьдчилан сэргийлэх сайн туршлагуудын талаар мэдээ мэдээлэл, судалгаагаар ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид “Монгол орны газар тариалангийн хөрс хамгааллын асуудалсэдвээр дараах судалгааны өгүүлэлийг Та бүхэнд хүргэж байна. Энэхүү өгүүлэл нь Монгол орны газар тариалангийн хөрсний доройтлын шалтгаан, түүний өнөөгийн байдал, энэ талаар хийгдсэн судалгааны үр дүн, хөрс хамгааллын талаарх хууль зүйн орчинг тоймлон үзэж энэ талаар зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт гаргах зорилготой юм.

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогвортой Хөдөө аж ахуй төслийн удирдагч Др. А. Катер "Шинэ тариаланч" сэтгүүлийн 2016 оны 02-р дугаарт өгсөн ярилцлага

"Сайн тариаланч өөрийн талбайн хөрсний үржил шимийг мэддэг байх хэрэгтэй"

Танай сэтгүүлээр дамжуулан монголын нийт тариаланчидтай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хоёрдугаар үе шат 2016 оны 4 дүгээр сараас хэрэгжиж байгаа бөгөөд тус төслийн нэг үндсэн чиглэл нь тариалангийн талбайн хөрс хамгаалал, тогтвортой ашиглалт билээ. Тариалангийн талбайн хөрс хамгааллын асуудлаар хууль эрхзүйн орчин нилээд сайн бүрдсэн боловч тэдгээрийг амьдралд хэрэгжүүлэхэд тариаланч хүний зайлшгүй мэддэг байх ёстой тариалангийн талбайн хөрсний үржил шим, ургамлын хооллолт, хөрс бордоход анхаарах зүйлс, хөрснөөс шинжилгээний дээж авах энгийн арга ажиллагааны талаар энэ удаад та бүхэнд хүргэхийг зорилоо.

Дэлгэрэнгүйг хавсралтаас харна уу.

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогвортой Хөдөө аж ахуй төслийн удирдагч Др. А. Катер "Шинэ тариаланч" сэтгүүлийн 2016 оны 02-р дугаарт өгсөн ярилцлага

“Тогтвортой газар тариалангийн үйлдвэрлэл – ХАА-н салбарын өрсөлдөх чадварын үндэс”

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогвортой Хөдөө аж ахуй төслийн удирдагч Др. А. Катер "Шинэ тариаланч" сэтгүүлийн 2016 оны 02-р дугаарт өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Сайн байцгаана уу? Миний нэрийг Алфред Катер гэдэг. Би бага насаа Германы хөдөө тосгонд газар тариалангийн фермд өнгөрүүлсэн. Тухайн үеэс л ХАА-н салбарын хүн болохоор шийдсэндээ. Георг-Августын нэрэмжит Гёттинген хотын их сургуулийг агрономч мэргэжлээр төгссөн. Мөн сүүлд энэ сургуульдаа таримал ургамлын өвчин, ургамал хамгааллын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах боломж олдсон юм.

Ярилцлагыг бүрэн эхээр нь хавсралтаас үзнэ үү.

Газар тариалан, бэлчээрийн аж ахуйд глифосатыг хэрэглэх зөвлөмж

"Газар тариалан, бэлчээрийн аж ахуйд глифосатыг хэрэглэх зөвлөмж"

Глифосатын найрлагатай гербицидийн хэрэглээ дэлхий дахинд сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэх болжээ. Монгол улсын хувьд ч хэрэглээ тогтмол өсч байгаа юм. Энэхүү гербицидийг химийн уринш хийхэд өргөнөөр ашигладаг байна. Тиймээс глифосатыг хэрэглэхэд “УХБ-ын зүй зохистой хэрэглээ”-ний асуудал нэн тэргүүнд тавигдах ёстой. Ургамал хамгааллын бодисыг зөв зохистой хэрэглээгүй тохиолдолд байгаль орчинд хор хөнөөлтэй төдийгүй, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг бөгөөд аж ахуйн нэгжийн хувьд ч үргүй зардал болж хувирдаг билээ. Европын холбооны улсуудад хүний эрүүл мэндэд үзүүлэх глифосатын нөлөө, эрсдлүүдийн талаар ихээхэн яригдах болжээ. Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэргэдэх Юлиус-Күн институт глифосатын зүй зохистой хэрэглээний талаар боловсруулсан зөвлөмжийг манай төслийн зүгээс Монгол хэлнээ хөрвүүллээ. Энэхүү зөвлөмжийг германы тариалангийн болон бэлчээрийн аж ахуйд зориулж нийтэлсэн бөгөөд монголын тариалангийн үйлвэрлэлд нэвтрүүлэх, санаа авах зүйлс олон байна.

Сорт хамгаалах тухай хууль

"Сорт хамгаалах тухай хууль"

ХХААХҮЯ-наас Таримал ургамлын, үр сортын тухайн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Тус ажлын хэсэгт ХХААХҮЯ, УГТХ, ХААИС, МХЕГ, тариаланчдын холбоодын төлөөллөөс гадна НҮБ-ын ХХААБ болон Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн төлөөлөл багтаж байна. Тогтвортой хөдөө аж ахуй төслийн зүгээс хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөхөөс гадна Герман болон бусад орнуудын үр сортын салбарын хууль эрхзүйн орчны талаар мэдээ, мэдээлэл цуглуулах, ажлын хэсгийг мэдээллээр ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид ХБНГУ-ын Сорт хамгаалах тухай хуулийг Монгол хэлнээ хөрвүүлээд байна. Энэхүү хуулинд сортын хамгаалалд тавигдах шаардлага, сорт хамгааллын эрх эзэмшихтэй холбоотой зохицуулалтуудаас гадна Холбооны сортын агентлагийн бүтэц, зохион байгуулалт, үүрэг хариуцлагын талаар  дэлгэрэнгүй тусгажээ.

Герман-Монгол зурагт толь

"Герман-Монгол зурагт толь"

ХБНГУ-д үйлдвэрлэлийн дадлага хийх мөн Германы их дээд сургуулиудад хөдөө аж ахуйн чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудад зориулсан ХААИС-иас герман хэлний курсийг зохион байгуулан, хичээллүүлж байгаа билээ. Тус курст хамрагдаж буй оюутнууд төдийгүй герман хэл анхлах суралцаж буй хэн бүхэнд зориулан “Герман-Монгол зурагт толь”-ийг ХААИС-ийн багш нарын зүгээс боловсруулан гаргаад байна. Тус толь бичиг нь герман хэлийг хөдөө аж ахуйн мэргэжлийн зорилгоор анхлах суралцаж буй хүн бүрийн хэрэгцээг хангахуйц, энгийнээс эхлээд нарийн мэргэжлийн нэршлийг хүртэл товч, тодорхой илэрхийлэн тайлбарласан онцлогтой.
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс тус зурагт толийг хэвлүүлэхэд дэмжин ажиллалаа.

DMKNL-Erfahrungen und Empfehlungen 2013 – 2015 -mongolisch

„Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн туршлага зөвлөмжүүд”

Тогтвортой хөдөө аж ахуй төслийн эхний үе шатанд (2013-2015) бид өөрсдийн үйл ажиллагаагаараа дамжуулан Монгол орны  байгал цаг уурын нөхцөлд тохирсон үр тариа, төмсний дэвшилтэт, тогтвортой технологи нэвтрүүлэхийг зорин ажилласан билээ. Энэ хүрээнд бид ХААИС-ийн эрдэмтэн багш нартай хамтран төслийн загвар аж ахуйн нэгжүүдийн талбай дээр үр тариа, тосны ургамал, төмсний олон шинэ сортууд, тариалалтын шинэ арга технологиудыг туршиж, судаллаа.  
Энэхүү гарын авлагад бид төслийн гурван жилийн туршилт судалгааны ажлын үр дүнг танилцуулахын зэрэгцээ, туршилт судалгаан дээр тулгуурлан боловсруулсан зөвлөмжийг тариалан эрхлэгчдэд хүргэж байна.

„Mähdrescherhandbuch - 2015“

"Комбайнчийн гарын авлага – 2015"

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн нэгдүгээр үе шатанд (2013-2015) салбарын техник мэргэжлийн ажиллагсдыг практикт суурилсан сургалтуудаар дамжуулан чадавхжуулах ажлыг үйл ажиллагааныхаа үндсэн нэг чиглэл болгож ирсэн. Энэ хүрээнд бид ХБНГУ-даа ХАА-н мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр тэргүүлэгч байгууллагуудын нэг болох Дойла Нийнбург-тэй хамтран олон арван техникийн сургалтуудыг зохион байгуулаад байна.
Бид энэ удаад газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын техник мэргэжлийн ажиллагсдад зориулан энэхүү “Комбайнчийн гарын авлага”-г боловсруулж товхимол болгон Та бүхэнд хүргэж байна. Дойла Нийнбург сургалтын төвийн сургалтын албаны дарга ноён Улрих Лосси нь Монгол Улсад ажиллаж байсан өөрийн туршлага болон Монголд ашиглагдаж буй техникүүд дээр тулгуурлан энэхүү товхимолыг боловсрууллаа. (www.deula-nienburg.de)

Effektive und Nachhaltige Druschfruchtproduktion in der Mongolei

“Монгол Улс дахь үр ашигтай, тогтвортой, үр тарианы үйлдвэрлэл”

Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь ҮХААЯ, ХААИС-тай хамтран 2013 оны 11 сарын 19-26 хооронд “Монгол Улс дахь үр ашигтай, тогтвортой, үр тарианы үйлдвэрлэл” сэдвээр Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудад тус бүр 2 өдрийн сургалт семинарыг зохион байгууллаа.  Энэхүү сургалт семинарын сургагч багшаар ХААИС, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэн, Дархан хотын УГТСЭШХ-ийн эрдэмтэн багш нар мөн Аммак МЖЛ ХХК-ийн төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү хоёр өдрийн сургалтын материалаар бид гарын авлага боловсруулж, тариаланчдын хүртээл болгоод байна.